Ид хөдөлмөрийн насныхан нурууны суулттай болж байна.

Орчин цагийн хүн төрөлхтний өмнө тулгарч буй түгээмэл өвчний нэг болох нурууны суулттай холбоотой мэдээллийг уншигч та бүхэндээ хүргэх зорилгоор бид “Мөнгөн гүүр” эмнэлгийг зорилоо. Тус эмнэлгийн Гэмтэл согогийн мэс заслын зөвлөх, Монгол Улсын хүний гавьяат эмч, профессор Ө.Хашхүүтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-Нурууны суулт гэдэг өвчний талаар иргэд мэддэг, мэдээлэлтэй юм шиг хэрнээ мэддэггүй олон зүйл байдаг. Энэ өвчин хэрхэн үүсдэг талаар та ярьж өгнө үү?
-Хүмүүс нурууны суулт гэж хэлээд байгаа нь үнэндээ нуруу нугасны суулт биш л дээ. Багана нурууны нугалам хоорондын жийргэвч мөгөөрс хүнд юм өргөснөөс, даарснаас, хөдөлгөөн удааширснаас, донсолгоотой замд удаан хол явснаас, мөн жин нэмэгдсэнээс болж хүний нурууны яс аажмаар шахагдан нугалам хоорондын жийргэвч мөгөөрс цүлхийж нугас мэдрэлийн судлыг шахахыг хэлж байгаа юм. Энэ нь хойшоо мэдрэлийн судлыг дарж, үүнээсээ өвдөлт өгдөг. Үүнийг нурууны суулт гэдэг.

-Орчин үед энэ өвчин залуужаад байгаа нь юутай холбоотой вэ?
-Нэгдүгээрт, оффисын буюу хөдөлгөөн бага, суугаа ажилтай, хоёрдугаарт биеийн хүчний хүнд ажилтай холбоотой. Жишээ нь: засварчин хүн машины мотор зэрэг гэнэт хүнд юм өргөснөөс нурууны нугалам нь доош суугаад жийргэвчээ цүлхийлгэж, үүний улмаас мэдрэлийн судлыг дардаг учиртай.
-Хүмүүс нуруугаа өвдөхөөр суулт өгчээ гэж мэдэхгүй бөөр өвдөөд байна ч гэдэг юм уу өвчин намдаах эм уугаад аргалаад яваад байдаг. Ингээд явсаар байгаад хүндрэл үүсдэг.
-Эхлээд би нурууны суултын шинж тэмдгийг хэлж өгөх ёстой юм байна. Юуны түрүүнд бүсэлхийгээр суухад хөшиж өвдөөд байдаг. Ингээд бөөр гээд баахан эход үзүүлдэг. Гэтэл тэндээс ямар ч онош нь гарахгүй. Дараа нь эмэгтэйчүүд нь сав суулга өвдөж байна гээд эмэгтэйчүүдэд үзүүлж эхэлдэг. Тэнд ч юу ч гарахгүй. Эрэгтэйчүүд нь түрүү булчирхай гээд явна. Иймэрхүү байдлаар оношоо олж чаддаггүй. Хамгийн сүүлд ташаан толгойгоор өвдөөд түнхнийхээ үе рүү өвдөөд ирэхээр түнхний үе рүү юм орчихлоо гээд зураг авахуулдаг. Ингээд мэргэжлийн эмчид үзүүлсний дараагаар компьютерт томографи, MRI-ийн шинжилгээ хийлгэж байж онош нь тодордог. Тэндээс л цаашдын эмчилгээний асуудлаа шийддэг гэсэн үг.
Энэ явц дунд өвчин удааширч, мэдрэлийн судас дарсан хэсэг нь наалдаад хүндрэл гардаг. Шинж тэмдгийн хувьд аяндаа бүсэлхий нуруугаар байнга өвдөнө, удаан сууж чадахгүй, удаан хол явж чадахгүй, хөл чинэрэх юм уу эрээн булчингаар өвдөх, шөнө унтаж чадахаа больдог. Бүр хүндрээд ирэхэд ханиаж найтахад өвдөнө, шээс дүлүүлж гардаг болно, тасалдана, өтгөнөөр бие засч чадахгүй, маш их өвдөлттэй гардаг болно.
-Нэгэнт ийм шинж тэмдэг илэрчихлээ. Одоо оношлуулъя гэвэл хаана хандах нь зохистой вэ?
-Манай эмнэлэг мөн бусад эмнэлэг дээр оношлуулж болно. Манай “Мөнгөн гүүр” эмнэлгийн хувьд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Бусад эмнэлэг шиг хэд хоног, хэдэн цагийн дараа гэхгүй, MRI-ийн шинжилгээ, компьютерт томографийн шинжилгээ хийгээд л 1-2 цагийн дотор оношийг нь тодруулж байна. Иргэд ч манай эмнэлгийн шуурхай үйлчилгээг авах нь эрс нэмэгдсэн.
-Нурууны суулт гэсэн өвчнөөр дийлэнх нь аль насны хүмүүс ирдэг вэ?
-25-50 насныхан буюу ид хөдөлмөрийн насныхан ирдэг. Үүн дотроос нэгдүгээрт биеийн хүчний ажил хийдэг хүмүүст илүү зонхилж байна. Хоёрдугаарт суудлын ажил хийдэг хүмүүс, дараа нь эмэгтэйчүүд хүүхдээ төрсний дараа ирж байна.
-Эмэгтэйчүүд төрсний дараа нурууны суулттай болдог гэж үү?
Тийм ээ. Энэ нь хүүхэд тэвэрдэгтэй холбоотой. Ер нь хүүхдийг хөнгөн гэж бодож болохгүй. Нэг жингээр удаан дарахад ч суулт үүсдэг. Манайхан ярьдаг шүү дээ, хүнд ачаа өргөх үед мултраад нуруу өвддөг болно гэдэг. Тийм биш шүү дээ. Таван кг ачааг нэг байрнаас нөгөө байр руу 5-6 удаа зөөхөд л суулт үүсэх боломжтой.
-Таргалалт бас нурууны суултад нөлөөлдөг гэлээ?
Үнэхээр нурууны суултад хамгийн аюултай зүйл бол жин нэмэх. Жин нэмснээр доошоо суулт өгч, дарагддаг. Аль болох жин нэмэхгүй байх шаардлагатай.
-Таны ярианаас сонсож байхад Монголд нурууны суултгүй хүн ховор байх нь ээ?
-Ер нь цөөхөн болж байна шүү. Манай эмнэлэгт өдөрт үзүүлж байгаа хүмүүсийн 10-15 хувь нь нурууны суулттай гэж оношлогдож байна. Миний хувьд нуруу нугас, гавал тархины өвчин эмгэгтэй хүмүүсийг үздэг. Түүн дотроос ихэнх хувь нь нурууны суулттай болж таардаг. Өчигдөр хүнд юм өргөсөн чинь нуруу татчихлаа, сагс тоглож байгаад гэмтээчихлээ гэсэн хүмүүс ирдэг.
-Нурууны суултыг эмчлэхдээ нуруунаас гарч ирсэн жийргэвч мөгөөрс зэргийг нь авах, буцааж оруулах эмчилгээ гэж байдаг болов уу?
Эвэршсэн мөгөөрсийг буцааж хийнэ гэж байдаггүй. Яагаад гэвэл урагдаад, түүн доторх нунжгай эд нь нугасаа дарчихсан байдаг. Тийм ч учраас бүрэн цэвэрлээд зохистой эмчилгээг хийнэ. Тухайлбал хиймэл мөгөөрс орлуулж хийх, эсвэл дарагдсан талынх нь мөгөөрсийг авах арга байна. Сүүлийн үед эвэршсэн мөгөөрсийг дурангаар авдаг болсон.
-Манайхан нуруу өвдөхөөр бариачид бариулна гэдэг. Энэ зөв арга мөн үү?
-Болно.Ер нь аливаа өвчинд үе шат гэж байдаг Нурууны өвдөлт мэдрэлийн судал дарагдсанаас болж үүсдэг гэж дээр хэлсэн дээ. Үүнээс болж нурууны шулуун булчин сааждаг. Үүнийг эхний үед нь иллэг массажаар тайвшруулж, өвдөлтийг нь намдааж болно. Уламжлалт бариа засал нурууны өвдөлтөд маш сайнаар нөлөөлдөг. Нэг зүйл нэмж хэлэхэд нурууны татлага хийнэ гэж ярьдаг шүү дээ. Нурууны татлагыг нуруунд биш, хүзүүнд хийдэг юм. Сээр нуруу хавиргаар өргөгдсөн болохоор хэчнээн татаад нөлөөлөхгүй шүү дээ. Бүсэлхий нуруу мөн адилхан. Тийм учраас хүзүүнд л татлага эмчилгээ хийдэг. Яах вэ, иллэг массаж хийгээд сунгалт хийхэд тайвширна л даа.Ийм эмчилгээ хийлгээд үр дүнгүй бол мэс засал эмчилгээ санал болгодог.
-Нурууны суултаас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ. Ойр ойрхон зураг авахуулж, үзүүлэх ёстой юу?
-Урьдчилан сэргийлэхийн тулд өөрсдийнхөө ажил амьдралыг зохицуулах хэрэгтэй. Суудлын ажилтай бол ядаж 1-2 цаг болоод биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг бол эхлээд биеэ халааж, ачааллаа зохицуулж байж юмыг болгоомжтой өргөх хэрэгтэй.
Хамгийн гол нь даарч болохгүй. Нэн ялангуяа хавар, намрын усан бороонд норж болохгүй, нойтон чийгтэй газар хэвтэж болохгүй, өмсөх хувцсаа тохируулах хэрэгтэй. Донсолгоотой замд удаан хол явж болохгүй. Нурууны өвчтэй хүмүүс төмөр, ган бэхэлгээтэй бүс байнга зүүх нь биед тулхтай сайн байдаг.
-Танайд нурууны өвдөлтөнд үндсэн эмчилгээнээс гадна ямар эмчилгээ явуулж байна вэ?
-Манайх үндсэн эмчилгээнээс гадна нөхөн сэргээх эмчилгээ хийж байгаа. Иллэг массаж, цахилгаан ба тосон шарлага, зүү эмчилгээ хийгддэг. Физик нөхөн сэргээх эмчилгээний тасагтай мэргэжлийн сайн эмч нартай.
-Нурууны суултаас гадна нурууны бэртлийн талаар товч яривал?
-Орчин цагт хөдөлмөр хамгаалал алдагдаж, техник, үйлдвэрлэлийн аваар ослоос болон биеийн тамирын бэртэл гэмтлээс болж нурууны бэртэл авах нь нэмэгджээ. Ялангуяа барилга дээр ажилладаг хүмүүс нуруу нугасаа бэртээх нь их. Нурууны гэмтлийн хувьд нурууны багана яс хугарсан тохиолдолд дарагдсан нугасыг нь чөлөөлөөд бэхэлдэг арга бий. Хамгийн сүүлийн үеийн энэ аргыг манай эмнэлэг дээр хийж байгаа.
-Хүмүүс нуруундаа мэс засал хийлгээд маргааш нь шууд босоод ирэх юм шиг ойлгодог?
-Нурууны хагалгаанд орсноор маргааш нь 100 хувь зүү авчихсан мэт болно гэж байхгүй. Эхлээд шарх эдгэнэ. Тэр хооронд өвдөлт бүрэн алга болохгүй. Аажмаар нурууны булчинг нь сулруулж, өвдөлтийг нь намдааж, хаванг бууруулж саа саажилт байвал зүү эмчилгээ, шарлага, иллэг массаж зэргээр хавсран эмчилж өвчнийг эдгээдэг.

-Ярилцсанд баярлалаа.

No comments yet.

Leave a comment

Your email address will not be published.